Заах арга


Тайлбартай дасгалын аргыг хэрэглэх нь


Монгол улсын гавьяат багш Г.Рэнцэндорж “Тайлбартай дасгалын арга”-ыг бүтээлчээр хэрэглэж, тайлбартай дасгалын аргаар монгол хэлбичгийн хичээлийг үр нөлөөтэй заадаг арга туршлагыг бий болгож, манай орны хот хөдөөгийн олон сургуулийн монгол хэл бичгийн багш нар сонирхон судалж, ажилдаа нэвтрүүлэхийг зорьж байсан. Энэ туршлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дунд ангийн монгол хэл, орос хэл, бага ангийн тоо, хэл бичгийн хичээлд заавал нэвтрүүлбэл зохино гэж шийдвэр гаргаж байсан үе ч бий. Ахмад багш нарын санаачлан бий болгосон, сургалтад хэрэглэж үр дүнтэй болох нь туршилтаас батлагдсан энэхүү аргыг бага ангийн олон багш сургалтандаа хэрэглэж байна. Бага ангийн  “Цагаан толгой”-н үеэс эхлэн монгол бичгийн хичээлд тайлбартай дасгалын аргыг хэрэглэж, хүүхдийн хэл яриа оюун сэтгэлгээг хөгжүүлэн, мэдлэгийг нь хэрэглээ болгон, чадвар дадал олгох нь энэхүү аргын цөм нь юм. Энэ аргыг хэрэглэхдээ эхлээд ямар учраас энэхүү аргыг хэрэглэх болсон талаарх онолын эх үүсвэрийг судлах хэрэгтэй.

Энэхүү арга нь хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх,  даалгавар бие даан гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх, аливаа асуудлыг өөрөө шийдвэрлэж сурах, олж авсан мэдлэгээ хэрэглээ болгон ашиглаж сурах зэрэг олон сайн талтай. Иймээс нэгдүгээр ангиас эхлэн энэхүү аргыг хэрэглэж үр дүнд хүрч байна. Тайлбартай дасгалын аргыг хэрэглэж эхлэх үед хүүхдүүд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, хүүхэд бүрийн хэл ярианы чадвар өөр учраас тэднийг өөрийнхөө үйл ажиллагаанд татан оролцуулахад багагүй хугацаа, хөдөлмөр шаардагдана. Энэ үед багш шантарч болохгүй. Харин ч тухайн хүүхдийг яаж хичээлийн явцад идэвхжүүлэн оролцуулах вэ? гэдгээ нарийн тооцож, хичээл дээр бүх сурагчид адил тэгш оролцох боломжтой даалгавар өгөх, дөхүүлсэн асуулт асууж аль болох хүүхдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж болохуйц орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Мэдээж энэ нь багшаас маш их хөдөлмөр шаардах бөгөөд хэрвээ та “Цагаан толгой”-н үеэс эхлэн тайлбартай дасгалын аргыг хэрэглэж чадвал бага ангийн 4-5 жилийн сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийнхөө багагүй хувийг амжуулсан гэж үзэж болно. Энэхүү аргыг хэрэглэснээр сурагчдын бодох, ярих, сонсох чадвар дадлыг зэрэг хөгжүүлж, хүүхдийг бие даан сурах арга барилд сургаж, багшийн бус сурагчийн үйл ажиллагаа давамгайлан жинхэнэ сургалтын үйл ажиллагаа бүрэн утгаараа явагдах үндэс нь болж өгдөг. Тайлбартай дасгалын аргыг хэрэглэхдээ үе шат бүрийг тодорхой төлөвлөн, сургалтандаа хэрэглээд үзээрэй.

Нэгдүгээр ангид цагаан толгойн үеэс уншуулж бичүүлж сургахдаа тайлбарлах анхны чадвар дадлыг эзэмшүүлэх ажлыг:
Бэлтгэл үе
- Тайлбарлан ярихад сургах үе
- Тайлбарлан ярих, бичихэд сургах үе
- Тайлбарлан ярих, бичих, сонсоход сургах үе
гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулдаг.

Бэлтгэл үе амжилтын үндэс:

Багш хичээлд бэлтгэхдээ тухайн ангид урьд үзсэн хичээлийн талаар ямар бэлтгэлтэй байгаа, юуг голлож анхаарах, хичээл тус бүрийн агуулгад тохируулан ногдох цаг, бичүүлэн  тайлбарлуулах үгийн тоо, дүрмийн холбогдол бүхий өгүүлбэрийг сонгож олох, сурагчдын ярих дүгнэх зүйлийн нөхцөлийг хангах зэргийг нарийн төлөвлөнө. Сурагчдын мэдлэг чадвар стандартын шаардлага хангаж байгаа эсэх сурагчдын нас биений онцлог, хэл ярианы хөгжил зэргийг судалж хэн гэдэг сурагчаар ямар даалгавар хийлгэх, юуг голллон анхаарах, ямар харьцаа тогтоох аргаа сонгон авч, ээлжит хичээлээ зохион байгуулна. Хичээл хоорондын болон нэгж хичээлийн уялдаа холбоог сайжруулах үүднээс ямар даалгаврыг хичээлийн аль хэсэгт сурагчдаар бие даалган хийлгэх зэргээ урьдчилан тооцож даалгавар бүрээ сайтар боловсруулан бэлтгэнэ. Түүнчлэн сурагчдыг хичээлд сайн бэлтгэхийг чухалчилна. Сурагчдын хэл ярианы хөгжил, ярих чадвар нь тайлбартай дасгалын аргыг хэрэглэх анхны хөрс нь болдог тул хүүхдийн ой тогтоолт, дуу хоолойны өнгө, ярих чадвар зэргийг харгалзана. Хэл ярианы чадвар сайтай, чанга дуутай  сурагчдыг сонгон эхний удаа тэд нараар тайлбарлуулан яриулна. Сайн ярьж чаддаггүй, дуугардаггүй, ичимхий, мэдэж байгаа зүйлээ илэрхийлэх чадваргүй сурагчдын хэл яриаг илүү түлхүү хөгжүүлэх замаар энэхүү аргыг хэрэглэнэ. Тайлбартай дасгалын аргад сурагчдыг сургах үйлийн нэг чухал бэлтгэл ажил нь сурагчдыг зохион байгуулан тэдний суудлыг зөв хуваарилах явдал юм. Сурагчдын суудлыг тогтоохдоо хэл ярианы хөгжил сайтай, тод чанга ярьдаг сурагчдыг хойгуур, харин урд талын эгнээнд сул дуутай, багшийн зүгээс дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг суулгана. Гэхдээ хүүхдүүдийг хэл ярианы чадвар сайн, муугаар нь ялгаж байна гэсэн ойлголтыг төрүүлж огт болохгүй. Зохион байгуулалтаа хийхдээ багш маш ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Хүүхдүүдээ судалсны дараа 35 үсгийн дараалалд оруулах, дуртай зүйлийх нь нэрийг хэлүүлж ижил төрлийг сонгосон хүүхдүүдийг урд суулгах, тоглоом тоглуулах зэргээр аль болох ижил төстэй зүйлийг нь сонгох аргаар багш зөв шийдвэр гаргах хэрэгтэй.


Хичээлийн явц- шийдвэрлэх үе:

Тайлбартай дасгалыг анх эхэлж явуулахад сурагчид таны үйл ажиллагаанд идэвхтэй бус байдал гаргах , зарим нь хоцрох тал ажиглагдах боловч, тэр бүхэнд багш өөрөө яарч сурагчдыг зэмлэх байдал гаргалгүйгээр хялбар дөхөм асуулт тавин сургалтанд саад учруулахгүй байхаар явуулна. Сурагчид тайлбарлах арга барилаа эзэмшсэний дараа хичээл бүрийн элементэд өмнөхийг сэргээх, шинэ мэдлэг бүтээх, даалгавар шалгах зэрэг хичээлийн аль нэг хэсэгт тохируулан явуулна.  Энэ аргыг хэт их сунжруулан явуулбал ялангуяа бага ангийн хүүхдүүдийн анхаарлын төвлөрөл саардаг тул хэзээ, хаана ямар хэсэгт явуулахаа сайн тооцно. Тайлбартай ярианы аргыг хэрэглэхдээ эхлээд хэл ярианы чадвартай сурагчдыг хамран улмаар өдрөөс өдөрт хүүхдийн тоог нэмэгдүүлэх замаар сурагчдыг тайлбарлан хэлүүлдэг болгоно. Суудлын дарааллаар ийнхүү тайлбарлахад хүүхэд ярьж чадахгүй түгдрэх юм бол дараачийн хүүхдэд эрх нь шилжих тул сурагчдын хооронд зөв өрсөлдөөнийг бий болгох замаар ашиглана. Тайлбарлаж чадахүй байгаа хүүхдийн чухам ямар асуудлыг мэдэхгүй болоод хариулсангүй вэ, гэдгийг багш маш соргогоор судлан тухайн мэдэж аваагүй зүйлийг заавал эзэмшүүлэх шаардлагатай. Тайлбартай дасгалын арга нь хүүхэд яг ямар зүйлийг мэдэж байна, ямар зүйлийг мэдэхгүй байна гэдэг нь тухайн цаг мөчид багшид ил болдог тул хоцрогдсон сурагчдаа таньж мэдэх бас нэгэн боломж олгодгоороо бусад аргуудаас илүү давуу талтай.  Монгол хэлний хичээл дээр хэрэглэхээс гадна бусад бүх хичээл дээр хэрэглэж болно. Багш ямар хичээл дээр хэрэглэж болох вэ гэдгээ л сайн төлөвлөж чаддаг байх нь чухал. Хүүхэд бага ангиасаа тайлбартай дасгалын аргыг хэрэглэж сурснаар бусад хичээлүүд дээр ч  өөрийгөө илэрхийлэн уншсан зүйлээ ярьж чаддаг болохоос гадна, бусад хүүхдүүдийн хэлж,  ярьж байгаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөн бусдын санаа бодлыг хуваалцдаг болж чадна. Ер нь сурагчид амжилттай суралцах нь багш хүний уйгагүй хөдөлмөртэй холбоотой. Багш та зүтгэвэл сурагчид тань хичээх болно. Мэргэжил нэгт багш нарынхаа ажилд амжилт хүсье.
Заах арга Заах арга Reviewed by Х.Намхайнямбуу on 11:06 AM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул.
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /next4.blogspot.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.