Төрийн соёрхолт Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан”


Монголын их амар амгалан

Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан

Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан
Төрийн соёрхолт Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан” Төрийн соёрхолт Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан” Reviewed by Х.Намхайнямбуу on 11:57 PM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул.
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /next4.blogspot.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.